Хуучирсан мэдээ: 2016.12.19-нд нийтлэгдсэн

Хюм ба Кант = Расист

News агентлаг 2017 оны IX сард “Эрх зүйт ёс” сангаас монгол хэл дээр хэвлэн гаргах гэж буй Массачусэтсийн Их сургуулийн философийн профессор Робэрт Пол Вольфын “Философийн тухайд” номын 10 дахь удаагийн хэвлэлээс философи хийгээд философичидтой холбоотой нийтэд төдий танил бус баримтуудыг түүвэрлэн, таван цуврал өгүүллийг “Философийн булан”-даа нийтэлсэн. Энэ удаад “Философи гэж юу вэ?” хэмээх II бүлгээс толилуулъя. Цуврал нийтлэлийг Философийн ухааны доктор Б.Батчулуун хөтөлж байна.


ХЮМ, КАНТ НАР АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАГЧИД БАЙСАН УУ?

Миний хувийн бодлоор (энд Философийн тухайд номыг зохиогч Р.П.Вольф ярьж байна. Орч.) англиар ярьдаг орнуудын сэтгэгчдийн дотроос хамгийн аугаа нь болох 18-р зууны шотланд философич Дэвид Хюм үндэстний соёл болон оюун ухааны ололт амжилтад байгаль-цаг уур хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлэх Үндэстний зан чанарын тухай эссэдээ “туйлын бүс болон халуун оронд амьдардаг үндэстнүүд дэлхийн бөмбөрцгийн бусад хэсэгт амьдардаг үндэстнүүдээс дорд бөгөөд оюун ухааны өндөр ололт, амжилтад хүрэх чадваргүй гэж үзэх зарим нэг шалтгаан бий” хэмээн бичиж байсан байдаг.

Цааш нь тэр олиггүй санаагаараа алдаршсан дараах үгсийг зүүлт болгон бичсэн юм: “Би негрүүдийг цагаан арьстнуудаас дорд хэмээн таамагладаг. Хар арьстнуудын үүсгэж бий болгосон соёл иргэншилтэй улс гэж бараг байхгүй. Үг, үйлдлээрээ алдаршсан хувь хүн ч алга. Хар арьст үндэстнүүдийн дотор үйлдвэрлэгч гэж байхгүй, тэд урлагийн суут бүтээл туурвиж, шинжлэх ухааны ололт амжилт ч гаргаагүй. Гэтэл цагаан арьстнууд эсрэгээрээ байх аж. Тэдний дотор хамгийн зэрлэг, бүдүүлэг гэгдэж байсан эртний германчууд, өнөөгийн татарууд эр зориг, засаглал зэрэг янз бүрийн хүчин зүйлсээр суу алдрыг олж чадсан байдаг. Тэгэхээр энэ ялгаа ийм олон оронд, тийм урт хугацааны туршид огт өөрчлөгдөлгүй тогтмол байж ирнэ гэдэг чинь байгаль-эх янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийг анхнаасаа ялгаатай бүтээсэнтэй шууд холбоотой. Манай колони орнуудыг ярихаа больё гэхэд Европ даяар хар арьстнууд таран суурьшиж. Гэтэл тэдний дотор гоц гойд авьяас чадвартай хүн нэг ч алга; хэчнээн боловсролгүй, дорд хүмүүс бидний дунд ороод өөдөлж дэвжиж, хийж буй ажилдаа тодорч томорч болох л юм. Ямайкад амьдардаг, юм хурдан сурдаг, аливаад авьяастай нэг негр хүний талаар нэлээн яриа гарсан; гэтэл тэрээр хэдхэн үг гайгүй хэлчихдэг тоть шиг юмыг дагаж дуурайсныхаа төлөө л тэгж магтагдаж байсан юм”.

Энэ санааг хэчнээн боловсон байдлаар илэрхийлсэн ч яалт ч үгүй арьс өнгөөр ялгаварлах явдал мөнөөсөө мөн. Иймэрхүү үзэл бодолтой хүн ч олон. Гэхдээ энэ эссэг цайвар бус арьстай хэнийг ч гэсэн жигшин зэвүүцсэн илэрхийллээр дүүрэн хэмээн буруушаах, эсэргүүцэх сэтгэгч цөөнгүй байдаг. Хюмын энэ “философийг” Жэймс Бийтти хүчтэй шүүмжилсэн бөгөөд түүнийг өнөөдөр Хюмыг шүүмжлэгч гэдгээр нь хүмүүс андахгүй. Мэргэжлийн философичдын дунд санал асуулга явуулах юм бол магадгүй, 99 хувь нь Хюм бол аугаа сэтгэгч, Бийтти бол хэн ч биш гэж хэлэх биз. Үнэний мөн чанар ба хувиршгүй чанарын тухай эссэ хэмээх сэтгэгдэл төрөхүйц нэртэй номдоо Бийтти африкчуудыг ямар ч ажиглалт хийлгүй, нотлох баримтгүй муулсан гэж Хюмыг ширүүн дайрсан юм. Энэ бол ажиглалтын тухай байнга ярьдаг Хюмыг тун үндэслэлтэй шүүмжилсэн хэрэг мөн.

Аристотелиос хойших хамгийн аугаа философич, магадгүй бүх цаг үеийн хамгийн алдартай ёс зүйн онолч бол XVIII зууны Пруссийн сэтгэгч Иммануэль Кант юм. Гэтэл Кант хүртэл африкчуудыг дорд үзэж, арьс өнгөөр ялгаварласан Хюмын үзэл бодлыг сайшаах хандлага гаргасан юм. Африкчуудын тухай Хюмын доромж үзэлд хүч нэмэхийг оролдсон Кантын эссэнүүдийн нэгэнд шашныг тархаагч Доминиканы эцэг ламтан Лабат гэгч нэгэн негр мужаантай ярилцсан тухай гардаг. Эцэг Лабат тэр мужааныг эхнэрүүдтэйгээ ихэмсэг, дээрэнгүй харьцаж байна хэмээн шүүмжлэхэд мужаан түүнийг үл тоомсорлон ингэж хариулжээ: “Цагаан арьстан та нар дүүрчихсэн тэнэг улс. Өөрсдөө эхнэрүүдээ толгой дээрээ гаргачхаад, сүүлд нь үргэлж гомдоллож явдаг”. Үүний дараа Кантын бичсэн зүйлийг би л хувьдаа аугаа философичоос гарамгүй, үнэхээр хирдхийм зүйл гэж боддог. Кант “Мужааны хэлсэн үгэнд үнэний ор байж магадгүй юм; гэвч товчхондоо тэр мужаан тэнэг амьтан гэдэг нь түүний хөлөөсөө толгой хүртэлх хар арьснаас нь харагдаж байна”. Хар арьст хүний амнаас гарсан үнэний ортой үгийг үнэлэх итгэл аугаа Кантад хүртэл байсангүй. Хэлсэн үгнийх нь үнэ цэнийг Кант арьсных нь өнгөөр үнэлжээ.

Тэгэхээр Кант эрх чөлөөний тухай ярьдаг атлаа боолын хөдөлмөрт хөрөнгө оруулдаг, амьдралын тухай өгүүлдэг хэр нь бодит үнэнийг харалгүй арьс өнгөөр ялгаварласан олиггүй үг хэлдэг, оюун ухаан ба хүний эрхэм чанарын тухай онолддог авч хар арьст хүн ч үнэн үг хэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй аугаа философич байх нь. Энэ утгаар капитализм, хөдөлмөрчдийг аймаар шулж мөлждөг тухай бичихэд хамаг оюун ухаан, хүч чадлаа зориулсан мөртлөө эхнэр, гэрийн үйлчлэгч, дотнын анд, улс төрд хамтран зүтгэгч найз нөхдөө шулж луйварддаг Карл Маркст ч ялгарах юм алга.

Тэгэхээр одоо яах вэ? Энэ тохиолдолд, юуны түрүүнд, зэрэг гарч болох хоёр асуултын хоорондын ялгааг нарийн гаргах гэж хичээе. Эхний асуулт: Философичийн хувийн амьдрал түүний боловсруулсан философийн онолтой холбоотой байдаг уу? Хүний төрөлх эрх, эрх чөлөөг шүтэж дээдэлсэн Тусгаар тогтнолын тунхгийг зохиосон Томас Жефферсон насан туршдаа боол эзэмшсэн нэгэн. Тэр ч байтугай, Жефферсон өөрийн боолуудын нэг Салли Хэмингс хэмээх эмэгтэйг хэд хэдэн удаа жирэмслүүлж, дундаасаа олон хүүхэдтэй болж байсан. Хүний эрх чөлөөний тухай их зүйлийг бичсэн Жон Локк боолын наймаанд оролцдог байсныг бид мэднэ. Тэгэхээр зохиогчид нь зохисгүй авирласан гээд Тусгаар тогтнолын тунхаг, Засаглалын тухай хоёр дахь шашдир зэрэг ном, бүтээлийг хог дээр хаях уу? Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө бичдэг философичийг эхнэрээ зарцалдаг гээд утга төгс ном зохиолыг нь шатаах уу?

Энэ тохиолдолд бүтээлийг нь бус зохиогчийг нь хараах хэрэгтэй гэж хэлэх хүн олон гарах биз. Үнэхээр ч, тухайн үндэслэл ямар үзэл санаа илэрхийлэх нь түүнийг дэвшүүлсэн хүний аяг байдалтай хамаагүй. Гэвч үндэслэлийн утга болон түүнийг дэвшүүлэгчийн зан чанарыг салгаж ойлгох тийм амархан гэж үү? Зан чанар, үндэслэл хоёрын хооронд утгын илт холбоо байхгүй бол энэ хоёрыг тусад нь байлгаж болох юм. Хүүхэд хүчирхийлдэг логикч маш чухал теорем дэвшүүлж болно. Хулгай хийчихдэг урлагийн философич аливаа яруу найраг, уран зургийн гоо үзэсгэлэн чухам юундаа оршдог талаар өөр хэний ч ойлгоогүй зүйлийг ойлгосон байж болно. Харин ёс зүйн онолч алуурчин хүн байгаад өмнө нь хэн ч бодож байгаагүй үнэнд хамгийн ойр этикийн онол боловсруулж чадах болов уу? Би бага залуудаа Сэргэн мандалтын үеийн Италийн агуу хөгжмийн зохиолч Жезуальдогийн хоор дууны бичлэгийг сонсох их дуртай байлаа. Гэвч нэг пянзных нь хавтсан дээр бичсэн түүх намтраас Жезуальдо хамгийн сайн найзаа өөрийнх нь эхнэртэй нэг оронд байхыг хараад хоёуланг нь алсан гэж бичсэнийг уншсан юм. Түүнээс хойш хэчнээн гайхалтай сайхан ч Жезуальдогийн дуунуудыг сонсох бүрд дотор минь эвгүйцдэг болсноо нуухгүй ээ!

Хоёр дахь асуулт эхнийхээсээ ээдрээтэй. Хэн нэг философич номынхоо аль нэг бүлэгт ёс суртахуун ба оюун санааны хувьд доголдолтой үгс оруулсан бол тэр нь бусад хэсэгт агуулагдах аугаа утга санааг үгүйсгэх үү? Ёс зүйн тухай өгүүлэх Кантын хамгийн агуу бүтээл Ёс суртахууны метафизик үндэс номд агуулагдах философийн үнэт чанарыг негр мужааны талаар хэлсэн үгс гутаах болов уу? Хамгийн агуу эрдэмтдийн нэг гэж олноо өргөмжлөгдсөн Исаак Ньютон багагүй цагийг зурхай судлахад зарцуулдаг байсныг харахад тэрээр энэ ухаанд итгэдэг байж. Ньютон хэдийгээр ийм балай зүйл сонирхдог байсан ч физикийн шинжлэх ухааны хөгжилд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан хөдөлгөөний хуулиудыг нээхэд энэ нь саад болсон бил үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж