11
ЖОН ЛОККЫН ТУХАЙ ӨЧИЛ Английн гүн ухаантан, улс төрийн онолч Жон Локк өмнөх бичвэрт өгүүлсэн Томас Хоббсын нэгэн адил дэлхийн улс төрийн болон гүн ухаан, эрх зүйн сэтгэлгээний түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг нэгэн билээ. Хэдийгээр Хоббстой бараг нэгэн цаг үед амьдарч байсан боловч зарчмын зөрүүтэй үзэл санааг хөгжүүлж, либерал сэтгэлгээний дэг, урсгалыг бий болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. Энэ учирт Новогородын Улсын Их Сургуулийн профессор М. А. Василик, М. С. Вершинин, Принстоны Их Сургуулийн профессор Нэнси Ж. Хиршмэнн тэргүүтэй олон судлаачид Локк авгайг либерализмыг үндэслэгч (М. А. Василик & М. С. Вершинин, 2000, хууд. 814; Hirschmann, 2009, хууд. 79) хэмээн цохон тэмдэглэсэн байх юм. Английн сурган хүмүүжүүлэгч, нэрт сэтгэл судлаач, улс төрийн философич Жон Локк (John Locke; Джон Локк) 1632 оны наймдугаар сарын 29 нд Английн Сомэрсэт гүнлэгт Бристол хотоос 12 милийн зайтай орших Рингтон сууринд пуритан шүтлэгтэн, I Карлын эсрэг боссон парламентын армийн ахмад Жон Локк, Агнэс Кээни нарын гэрт мэндэлжээ. Эх нь хүүгээ нялхад бие барсан тул гэр бүлээрээ Бристол хотоос 7 милийн зайд орших Пэнсфорд сууринд шилжин суурьшсан байна. 1646 онд эцгийн зөвлөсний дагуу 14 настайдаа Нийтийн Танхмын гишүүн Александр Попхэмийн дэмжлэгтэйгээр Лондон хотноо байрлах Вестминстерийн сургуульд элсэн оржээ. Хичээнгүй сурагчдын нэг байсан учир 1652 оноос

ЖОН ЛОКК "ТӨРИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ХОЁР ШАШДИР"

Embed Size (px)

Citation preview

ЖОН ЛОККЫН ТУХАЙ ӨЧИЛ

Английн гүн ухаантан, улс төрийн онолч Жон Локк өмнөх бичвэрт өгүүлсэн Томас Хоббсын нэгэн

адил дэлхийн улс төрийн болон гүн ухаан, эрх зүйн сэтгэлгээний түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг нэгэн

билээ. Хэдийгээр Хоббстой бараг нэгэн цаг үед амьдарч байсан боловч зарчмын зөрүүтэй үзэл санааг

хөгжүүлж, либерал сэтгэлгээний дэг, урсгалыг бий болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. Энэ

учирт Новогородын Улсын Их Сургуулийн профессор М. А. Василик, М. С. Вершинин, Принстоны Их

Сургуулийн профессор Нэнси Ж. Хиршмэнн тэргүүтэй олон судлаачид Локк авгайг либерализмыг

үндэслэгч (М. А. Василик & М. С. Вершинин, 2000, хууд. 814; Hirschmann, 2009, хууд. 79) хэмээн цохон

тэмдэглэсэн байх юм.

Английн сурган хүмүүжүүлэгч, нэрт сэтгэл судлаач, улс төрийн философич Жон Локк (John Locke;

Джон Локк) 1632 оны наймдугаар сарын 29 нд Английн Сомэрсэт гүнлэгт Бристол хотоос 12 милийн

зайтай орших Рингтон сууринд пуритан шүтлэгтэн, I Карлын эсрэг боссон парламентын армийн ахмад

Жон Локк, Агнэс Кээни нарын гэрт мэндэлжээ. Эх нь хүүгээ нялхад бие барсан тул гэр бүлээрээ Бристол

хотоос 7 милийн зайд орших Пэнсфорд сууринд шилжин суурьшсан байна. 1646 онд эцгийн зөвлөсний

дагуу 14 настайдаа Нийтийн Танхмын гишүүн Александр Попхэмийн дэмжлэгтэйгээр Лондон хотноо

байрлах Вестминстерийн сургуульд элсэн оржээ. Хичээнгүй сурагчдын нэг байсан учир 1652 оноос

Оксфордын Их Сургуульд дэвшин суралцаж, 1656 оны хоёрдугаар сард урлаг судлалаар бакалавр, 1658

оны зургаадугаар сард магистрын зэрэг тус тус хүртжээ. Мөн 1675 оны нэгдүгээр сард анагаах ухааны

бакалаврын зэрэг хамгаалжээ.

1667 онд хожмоо Шэфтсбэрийн гүнтэн гэгдэх болсон лорд Энтони Эшли Куперийн хүсэлтийн

дагуу гэр бүлийн эмч, хүүгийнх нь хүмүүжүүлэгч багш зэрэг ажлыг үүрэглэж, улс төрийн амьдралд

идэвхтэй оролцож эхэлсэн байна. Олон судлаачдын тэмдэглэснээр, энэ үйл явдал түүний амьдралд асар

том нөлөөлөл болжээ (Urmila Sharma & S. K. Sharma, 2006, хууд. 440; W. Julian Korab-Karpowicz , 2010,

хууд. 291).

1668 онд Хатан Хааны Нийгэмлэгийн гишүүн, 1669 онд тус нийгэмлэгийн зөвлөлийн гишүүнээр

сонгогдсон байна. Өөр нэг сонирхолтой зүйл байдаг нь лорд Эшлигийн санал болгосны дагуу Каролин

муж улсын үндсэн хууль зохиох ажилд гар, бие оролцсон явдал юм. 1672-1679 онуудад төрийн өндөр,

хариуцлагатай алба хашсан байна. Гэхдээ Шэфтсбэрийн гүнтний үйл ажиллагаанаас Локкын хувь заяа

бүхэлдээ хамаарч байсныг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. 1675 оны сүүлээр эрүүл мэндийн байдал нь

илтэд муудаж, 1679 он хүртэл Францад эмчлүүлсэн байдаг.

1683 онд ивээн тэтгэгч гүнтний хамтаар Холланд руу цагаачилсан бөгөөд 1688 онд эх орондоо эргэн

иржээ. Английн хаан ширээнд заларсан Вильгэлм Оранский нарын язгууртнуудтай ойр байсан учир 1690-

ээд оноос Локк засаг төрийн ажлын зэрэгцээ шинжлэх ухаан, урлаг, утга зохиол сонирхох болж, олон

тооны бүтээл туурвисны нэг нь эзэн хааны хэмжээгүй эрхт засгийн үзлийг дархлан хөгжүүлж асан ноён

Робэрт Филмэрийн сургаалыг шүүмжилсэн “Төрийн засаглалын тухай хоёр шашдир: Ноён Робэрт

Филмэр, түүний дагалдагчдын хуурмаг зарчим, үндэслэлийг нягтлан судлаж, няцаахын зэрэгцээ төрийн

эрх мэдлийн чухам зорилго, үйлдэл, үүслийн талаарх туршлагыг өгүүлсэн эсээ” (Two Treatises of Civil

Government; Два трактата о государственном /или гражданском/ правлении) (John Locke, 1698, хуудсд.

1-358) нэрт зохиол юм.

Либерал сэтгэлгээний томоохон төлөөлөгч, улс төрийн дэвшилтэт үзэл санааг дэвжээгч Жон Локк

1704 оны аравдугаар сарын 28 нд Лондон хотын ойролцоо Отс сууринд хамтран амьдрагч хатагтай

Дэмирес Мишэмийн гэрт багтраа өвчний улмаас 72 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Локк

амьдралдаа хэзээ ч хүнтэй ураглаж байгаагүй бөгөөд үр хүүхэдгүй нэгэн байсан гэдэг. Түүний оршуулгын

хөшөөнд «Замын хүн та хүндэтгэл үзүүлнэ үү: Энд Жон Локк нойрсож байна. Хэрэв та юун хүн бэ гэж

асуувал ядуу амьдралаа мэдлэг ухаанд шимтэж, үнэнийг олоход зориулсан хүн гэж хариулах байна. Эрхэм

та түүний бүтээлээс энэ бүхнийг харж болно» гэсэн бичиг сийлсэн байх аж (Wikipedia, 2016; American

History, 2016).

Дэлгэрүүлэн өгүүлэхэд, өмнө дурдсан Локкын хоёр дэвтэр, 36 бүлгээс бүрдэх “Төрийн засаглалын

тухай хоёр шашдир” нэрт зохиол бичигдэхэд Английн улс төрийн онолч ноён Робэрт Филмэрийн 1680

онд нийтлүүлсэн “Эцгийн эрхт ёс; Ард түмний үүсмэл эрх чөлөөг эсэргүүцэж, хаадын жам ёсны эрх

мэдлийг хамгаалахуй” (Patriarcha; a Defence of the Natural Power of Kings against the Unnatural Liberty of

the People; Патриарх; Защита естественной власти королей против неестественной свободы народа)

гэх бүтээл томоохон түлхэцийг үзүүлжээ. “Төрийн засаглалын тухай хоёр шашдир” зохиолыг туурвихад

Локк амьдралынхаа арав орчим жилийг (1679-1689 он) зориулсан гэж судлаачид үздэг. Ертөнцийн эзнээс

Адамд соёрхож, түүнээс уламжилж хөгжсөн эзэн хааны эрх мэдэл хууль ёсны бөгөөд хуваагдашгүй гэсэн

санааг мөнөөхөн Робэрт Филмэр дэвшүүлжээ. Үүнтэй холбоотойгоор, Локк өөрийн зохиолын нэгдүгээр

дэвтрийг “Ноён Робэрт Филмэр, түүний дагалдагчдын хуурмаг зарчим, үндэслэлийг нягтлан судлаж,

няцаахуй” гэж нэрлэсэн бол хоёрдугаар дэвтрээ “Төрийн эрх мэдлийн чухам зорилго, үйлдэл, үүслийн

талаарх туршлага” хэмээн оночилжээ (Локк, 2014, хууд. V).

Ертөнцийг үзэх үзлийн хувьд Локк сенсуализм (Франц хэлний sensualisme, Латин хэлний sensus

буюу хүртэхүй, мэдэрхүй гэх үгнээс гаралтай бөгөөд хүртэхүйн ачаар оюун ухаан оршино, хүртэхүй үгүй

бол оюун ухаан үгүй гэх үзэл), эмпиризм (Герег хэлний έμπειρία буюу туршлага гэх үгнээс үүсэлтэй бөгөөд

туршлага бол юм, үзэгдлийг бодитойгоор танин мэдэх цор ганц шалгарсан арга мөн гэх үзэл)

давамгайлсан идеалист үзэл санаагi хөгжүүлжээ. Угтаа бол Локк солипсизм (Латин хэлний solus буюу цор

ганц, ipse буюу өөрөө гэх үгийн хамсаа бүтээвэр бөгөөд хүн, түүний ухамсар бодитой, бусад юм, үзэгдэл

ухамсарт оршино гэх үзэл санаа)-д илүү ойр байсан юм.

Үхэшгүй мөнхийн эсэр эзэн (God; Бог гэх үгийг эзэн хэмээн тайлав) орон зай, цаг хугацааны

хязгаартай гараг огторгуйн цөм сав шимийг цүглэжээ. Ингэх явцдаа өөрийн тоолшгүй, сэтгэшгүй чанарыг

түүнд шингээсэн байна. Иймээс эзний бүтээл сав шим нь өөрийн гэсэн зорилго, төгөлдөрших чанар бүхий

сэтгэшгүй, тоолшгүй биетийн зохист нийцэл дээр суурилна. Хүний тухайд ертөнцийн эсэр эзнийг танин

мэдэх, алдаршуулахад чанагш утга нь оршдог.

Хүнд төрөлхийн оюун ухаан гэж байдаггүй. Оюун ухааныг хүн гадаад юм, үзэгдлийг хүртэн мэдрэх

замаар бий болгосон туршлагаар олж авдаг. Хүртэхүйг хийсвэрлэх явцад үзэл санаа бий болно. Харин

үзэл санааг бий болгох, хүлээн авах хүний чадварыг бүхэлд нь, оюун ухаан гэнэ. Өөрөөр хэлбэл, хүртэхүй

анхдагч, оюун ухаан хоёрдогч юм. Танин мэдэхүйн онолд үүнийг tabula rasa гэж нэрлэсэн байдаг. Хүн

угтаа, аз жаргалыг хүсэмжлэх, зовлон бэрхшээлээс дайжих төрөлх шинж чанартай. Иймээс философи

мэдлэгийн гол зорилго нь хүний аз жаргалд дөтлөх арга замыг нээн илэрүүлэхэд оршино. Дүгнэн хэлэхэд

Локк авгайн философи сургаалд Францын гүн ухаантан Р. Декартын нөлөө хүчтэй тусчээ (Нарский, 1973).

Үүний зэрэгцээ, нийгэм, улс төрийн шинжтэй дараах санааг гаргасан байна Хүмүүс харилцан

гэрээлсний үндсэн дээр байгуулсан төр улсын гол үүрэг нь иргэдийн хувийн өмч хөрөнгө, эрх, эрх чөлөөг

хамгаалж, хүний жам ёсны эрхийг бодитойгоор хэрэгжүүлэхэд оршино. Улс төрийн нэгдэл болох төр

улсын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хэдий чинээ хэрэгтэй, төдий хэрээр эрх мэдлийг ард түмнээс

төлөөлөн авч болно. Гэвч хууль цаазаас гадуур хэн ч, юу ч байх ёсгүй. Учир нь, хууль гэгч хүний эрх, эрх

чөлөөг баталгаажуулж, хэрэгжүүлэх гол арга, хэрэгсэл мөн. Тиймдээ ч Локк “хаана хууль ёс эс хэрэгжинэ,

тэнд эрх чөлөө гэж үгүй” хэмээн бичжээ. Хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаажуулахгүйгээр бүх нийтийн

сайн сайхан байдлыг цогцлоох боломжгүй.

Локк төрийн эрх мэдэл, хувь хүний эрх чөлөө хоёр эсрэглэн хөгжих зүй тогтолтойг гярхай

ажигласан байна. Энэ учирт төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх бус, хуваарилах хэрэгтэй гэж үзсэн. Төрийн

засаглал хууль тогтоох, гүйцэтгэх, холбооны гэсэн гурван эрх мэдлээс бүрдэнэ. Хууль тогтоох эрх мэдэл

нийт үндэстний хуралд хадгалагдах бөгөөд дээд эрх мэдэл болно. Харин хуулийг хэрэгжүүлэх,

хэрэгжилтэд хяналт тавих үүрэг гагцхүү гүйцэтгэх эрх мэдэлд хамаарна. Улс орнуудтай элчин харилцаа

тогтоох, дайн бүхий байдал зарлах, найрамдал байгуулах, олон улсын эвсэл, холбоонд нэгдэх, эс нэгдэх

нь холбооны эрх мэдлийн асуудал юм.

Хэрэв өмнөх бичвэрт Т. Хоббс ямар ч үед ард түмэн засаг төрөө тэрслэн босч болохгүй гэж хатуу

сургасан бол Локк ард түмний язгуур эрх ашгийг огоорч, ганц хүн, юм уу тодорхой бүлэгт үйлчлэх

дарангуй засгийг түлхэн унагаж болно хэмээн үзжээ. Судлаачдын төдийлөн анхаарч үздэггүй ч

орхигдуулж үл болох өөр нэг санаа нь түүний сүм хийдийн талаарх сургаал юм. Локк ямар ч тохиолдолд,

сүм хийдийг төрөөс тусгаарлах хэрэгтэй гэсэн байр суурийг чанд баримталж байв. Ерөнхийд нь авч үзвэл,

Локк үзэл санааны хувьд төрийн засаглалын ямар нэгэн хэлбэрийг илэрхий дэмжээгүй боловч хэмжээт

цаазат эзэн хааны засгийг талархагч нэгэн байжээ (Тайлбар чимж, утгачилсан Удирдлагын Академийн

докторант Нямаагийн Отгонбаяр).

ТӨРИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ХОЁР ШАШДИР: НОЁН РОБЭРТ ФИЛМЭР,

ТҮҮНИЙ ДАГАЛДАГЧДЫН ХУУРМАГ ЗАРЧИМ, ҮНДЭСЛЭЛИЙГ НЯГТЛАН

СУДЛАЖ, НЯЦААХЫН ЗЭРЭГЦЭЭ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ЧУХАМ ЗОРИЛГО,

ҮЙЛДЭЛ, ҮҮСЛИЙН ТАЛААРХ ТУРШЛАГЫН ТУХАЙ ӨГҮҮЛСЭН ЭСЭЭ

II дэвтэр.

Төрийн эрх мэдлийн чухам зорилго, үйлдэл, үүслийн талаарх туршлага

II бүлэг.

Байгалийн байдлын тухай

(…) 4. Улс төрийн эрх мэдэл, түүний үүслийн чухам шалтгааныг танин мэдэж, тодорхойлохын тулд

бид бүхэн юуны түрүүнд, хүмүүс байгалийн байдалд хэрхэн амьдарч байсан тухай дурдах шаардлагатай

болж байна. Энэ бол хүмүүс хэн нэгний хүсэл зориг, шийдвэрээс үл хамааран байгалийн хуулийн хүрээнд

зохистой хэлбэрээр авъяас, чадвараа ашиглан өмч хөрөнгөө чөлөөтэйгээр захиран зарцуулж байсан байдал

билээ. (…)

Энэ бол хэн боловч бусдаас давуу эрх үл эдлэх эрх мэдэл, байгалийн хууль эелэлдсэн тэгш байдал

юм. Энэ бол хэрэв ертөнцийн эзний зүгээс бишнийг шашлах (бусдыг захирах) хэн нэгний давуулаг байдал,

дээд мэдлийг хадгалах маргаангүй эрхийг бий болгоогүй гэж үзвэл ямар ч төрөл, зүйлийн хүн байсан

мэндлэхдээ л байгалийн давуу байдлыг бусадтай адил хэмжээнд хүртэж, захирах, захирагдахын зааггүй

харилцан эрх тэгш байхын нотолгоо мөн (To properly understand political power and trace its origins, we

must consider the state that all people are in naturally. That is a state of perfect freedom of acting and disposing

of their own possessions and persons as they think fit within the bounds of the law of nature. (…) The natural state

is also one of equality in which all power and jurisdiction is reciprocal and no one has more than another. It is

evident that all human beings – as creatures belonging to the same species and rank and born indiscriminately

with all the same natural advantages and faculties – are equal amongst themselves) (John Locke, 1698, хууд. 70).

III бүлэг.

Дайн бүхий байдлын тухай

16. Дайн бүхий байдал гэгч бүрэлгэх, булгалдах байдал мөн. Хөнгөн хуумгай үйлдлээр бус, сайтар

бодож төлөвлөсний үндсэн дээр хэн нэгний амьдралыг бусниулахаар шийдсэн бол та тэр хүнтэй, тэр

хүний амьдралд туслалцаа үзүүлэгч нэгэнтэй дайн бүхий байдалд орж буй хэрэг юм. Намайг үгүй хийхээр

заналхийлэх хэн нэгнийг устгах эрх надад олгогдоно гэдэг зүй ёсны бөгөөд шударга зүйл болно. Учир нь,

хэрэв байгалийн хуулийг үндэс болговол аюулгүй байдлаа хангах үүднээс хэдий боломжтой, төдий хэрээр

бусдаас өөрийгөө сэргийлж байх шаардлага үүснэ. Оршин амьдрахад нь заналхийлэх хэн нэгэнтэй

дайсагнасан байдлаар харилцах, боломжтой бол устгахыг оролдох нь зүй бөгөөд энэ л шалтгаанаар чоно,

үнэг мэт зэрлэг араатантай бид бүхэн харилцдаг билээ. Эндээс үзэхэд хүн гэгч өөрийг нь эрх сүрэндээ

оруулж, нухчин боолчлохыг хүсэгч хэнтэй ч болов зэрлэг араатан дайралдсан мэт харилцах тийм мүс

чанартай амьтан болох нь эргэлзээгүй.

17. Эндээс үзэхэд хэн бусдыг эрх сүрэндээ оруулахыг хүснэ, тэр бусадтай дайн бүхий байдалд орох

нь гарцаагүй: Учир нь, үүнийг амьдралынх нь эсрэг чиглэсэн үйлдэл гэж ойлгодог байна. Эндээс хэн

миний зөвшөөрөлгүй намайг эрхэндээ оруулахыг хүснэ, тэр миний амьдралыг устгах этгээд учир

дайсагнан хандах нь зүй гэсэн дүгнэлт хийх үндэслэл надад олдож байна. Хэрэв хэн хүн намайг эрх

сүрэндээ багтааж, журамлахыг хүсвэл тэр миний эрх чөлөөний эрхийн эсрэг, намайг боол болгоход

чиглэгдсэн үйлдэл даруй мөн. Энэ мэт үйлээс ангид байх нь өөрийгөө хамгаалах цорын ганц нөхцөл юм:

Оюун ухаан маань миний эрхийг нухчигч миний аюулгүй байдалд заналхийлэх дайсан мөн гэж үзэхэд

хүргэж байна. (…)

VIII бүлэг.

Улс төрийн нийгэмлэгийн үүслийн тухай

95. Хүмүүс нэгэнт эрх чөлөөтэй, тэгш эрхтэй, бусдаас хамааралгүй байхаар заяагдсан учир энэ

байдлаасаа татгалзаж, хэн нэгний улс төрийн мэдэлд шилжих сонирхолгүй байдаг. Жам ёсны эрх

чөлөөнөөсөө татгалзаж, өөрсдийгөө иргэний нийгмийн холбоонд хамааруулан авч үзэх цорын ганц арга

нь – байгалийн байдалд байснаас илүү дээд түвшинд аюулгүй орчинд өмч хөрөнгөө захиран зарцуулахын

зэрэгцээ эв найртай хамтран амьдрах талаар бусадтай хэлцэл байгуулах явдал мөн. Үүнийг байгалийн

байдалдаа үлдсэн бусдын эрх, эрх чөлөөнд хохирол учруулахгүй бол хичнээн ч хүн байсан хэрэгжүүлж

болдог. Ингэж гэрээлсний үндсэн дээр бусдын эрхийг олонхиор төлөөлж, шийдвэрлэх улс төрийн

организм болсон нийгэм, буюу төр бүрэлдэн тогтдог байна.

96. Тодорхой тооны хүмүүс харилцан гэрээлсний үр дүнд үүсэх нийгэм нь олонхийн хүсэл, зоригт

хөтлөгдөж, бүхнийг шийдвэрлэх нэгдмэл организмийн эрхийг өөртөө бий болгодог байна. Нийгэм гэгч

тодорхой тооны хүмүүсийн хэлцэл учир түүний үйлдэл бүрийг олонхиор хэлэлцэн шийдвэрлэж байх нь

зүй билээ: Эсрэг тохиолдолд хүмүүсийн эв эе эвдэрч, нэгдмэл нийгмийн харилцааг бүрдүүлж эс чадна:

Ингэж хэлцлийн үр дүнд хүн бүр олонхидоо захирагддаг байна. (…)

97. Нэгдмэл улс төрийн организмийг бүрдүүлж буй бусадтай гэрээлсний үр дүнд хүн бүр засгийн

газарт захирагдаж, олонхийн шийдвэрийг эцсийн бөгөөд хууль ёсны гэж үзэх үүрэг давхар хүлээдэг байна:

Эсрэг тохиолдолд бусадтай байгуулсан анхдагч гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр утгыг үл илэрхийлэх учир

тухайн хүн байгалийн байдалдаа эрх чөлөөгүй үлдэх болно. Тэгвэл гэрээ, хэлцлийг хэрхэн ойлгох ёстой

вэ?, Нийгмийн зүгээс тогтоож өгсөн аливаа шийдвэр болгоныг гэрээ хэлцэлд нийцсэн зөв шийдвэр гэж

хүлээн авч болох уу? Хүн бүр өөрсдөдөө ашигтай гэж үзсэн зүйл дээр санал нэгдсний үндсэн дээр гэрээ,

хэлцэл байгуулахаас өмнөх эрх чөлөөгөө бүрэн эдлэх боломжтой юм. (…)

IX бүлэг.

Улс төрийн нийгэмлэг, засаглалын зорилгын тухай

123. Хэрэв өмнө өгүүлсэнчлэн, хүмүүс байгалийн байдалд хэн нэгний захиргаанд оролгүй, бүгдтэй

эрх тэгш харилцахын зэрэгцээ хамгийн гол нь, өмч хөрөнгөө захиран зарцуулах бүрэн эрх чөлөөтэй байсан

юм бол яагаад, ямар учраас өөрийн эрх, эрх чөлөөнөөс татгалзаж, бусдын хүч, сүрэнд шургаж оров гэсэн

асуулт гарах нь лавтай. Энэ асуултад бид бүхэн хэдийгээр байгалийн байдалд хүн бүр эрх чөлөөтэй байсан

авч энэхүү эрх чөлөө нь найдваргүй, бусдын бусчир үйлд байнга өртөж байсан гэж хариулж болох байна.

Хүн бүр тантай адил эрхтэй, хүн бүр эрх тэгш байгаа энэ нөхцөлд, шударга ёс, тэгш байдлыг хангах

хүндрэлтэй бөгөөд өмч хөрөнгөө захиран зарцуулах эрх баталгаагүй, байнгын аюулд өртдөг жамтай. Энэ

нь хэдийгээр бүрэн эрх чөлөөтэй ч байнгын айдас, аюул дагуулсан байгалийн байдлаас татгалзах бэлээхэн

үндэс болжээ. Хүмүүс байгалийн байдлаас татгалзаж, амьдрал, эрх, эрх чөлөө, эзэмшлийнхээ төлөө

харилцан гэрээлж, нийгмийг бүрдүүлэхэд хүргэсэн тэр зүйлийг би «өмч» гэсэн ерөнхий нэрээр нэрлэж

байна.

124. Хүмүүсийг төр улсад нэгдэж, эрх мэдлээ засгийн газарт шилжүүлэхийн цаад шалтгаан нь өмч

хөрөнгөө хамгаалах явдал юм. Харин байгалийн байдалд олонх хүмүүсийн хувьд ингэж чаддаггүй байжээ.

Нэгдүгээрт, юу шударга, шударга бусыг ялгаж, хүмүүсийн хооронд үүссэн маргааны шийдвэрлэх

тогтоосон тодорхой хууль, дүрэм гэж байсангүй. Хэдийгээр оюун ухаант хүнд ойлгомжтой байгалийн

бэлээхэн хууль байсан ч хүмүүс суралцдаггүй, мэддэггүй, хэрэг, маргааны шийдвэрлэхэд хэрэглэх ёстойг

хүлээн зөвшөөрдөггүй учир өөрийн эрх ашгийг илүүрхэн баримталдаг байв.

125. Хоёрдугаарт, байгалийн байдалд үүссэн хэрэг, маргааныг тогтоосон хуулийн дагуу

шийдвэрлэх эрх бүхий ялгагч түшмэлийн алба гэж байсангүй. Энэ учирт хүн бүр байгалийн хуулийн

ялгагч түшмэл, хэрэгжүүлэгч болохын дээр өөрт хамааралтай асуудлаар эрх ашгаа чухалчлан үзэх болжээ:

Энэ л шалтгаанаар бусдын гэсэн хэрэгт тоомжиргүй, хааш яаш хандаж байв.

126. Гуравдугаарт, байгалийн байдалд шударга хэлцлийг баталж, хэрэгжүүлэх хангалттай хүч гэж

байсангүй. Ямар нэг шударга бус үйл хийсэн ч энэ нь өөрийн эрх ашгаа чухалчлан үзснийх юм: Ийм үйл

эсэргүүцэл дагуулах нь олонтаа бөгөөд хэн хүнд эмгэнэлт үр дагавар үлдээх нь цөөнгүй.

127. Хэдий байгалийн байдалд давуулаг эрхтэй байдаг ч хүмүүс нийгмийн харилцаанд шилжин

орсны чухам шалтгаан энэ буюу. Тодорхой тооны хүмүүс урт удаан хугацааны туршид хамтын амьдрал

зохиодогийн үндэс нь энэ юм. Бусдын бусчир үйлийг яллах эрхгүй, дэг журамгүй байдал ноёрхох тул

хүмүүс өмч хөрөнгөө хамгаалах үүднээс засаг төрөөс тогтоож өгсөн хууль цаазтай байхыг илүүд үздэг

байна. Хүн бүр өөрөө өөртөө эзэн байж, эрхээ эдлэх байгалийн байдлаас татгалзаж, бүрэн эрхийг нь

төлөөлөх тодорхой этгээд, юм уу нийгэмлэгт захирагдахын чухам шалтгаан энэ болно. Энэ бол хууль

тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, төр, нийгмийн эрхийн уг сурвалж мөн.

128. Эрх чөлөө гэж үзэж болохгүй ч байгалийн байдалд хүнд дараах хоёр эрх мэдэл байсан.

Нэгдүгээрт, байгалийн хуулийн хүрээнд өөрийгөө болон бусдыг хамгаалахад шаардлагатай гэж үзсэн

зүйлээ хэрэгжүүлэх эрх байсан. Хэрэв байгалийн хуулийг үндэс болговол, хүмүүн төрөлтөн бусад биетээс

ялгагдах нэгэн зүйл, юм уу нийтлэг юм. Хүмүүс мэндлэхдээ л чийрэг, хүчирхэг байсансан бол тэдэнд хэн

нэгний тусламж шаардлагагүй байлаа. Гэвч хүн нэгэнт сул дорой учир нэгдэн нийлж, нэгэн бүл болох

замаар уг хүндрэлийг даван туулах нь зүй билээ.

Өөр нэг эрх мэдэл нь байгалийн хуулийн эсрэг зогсох хэнийг ч болов яллах, шийтгэх эрх юм. (…)

Төр улсад нэгдснээр хүмүүс эдгээр эрхээсээ татгалзахад хүрдэг байна. (…)

X бүлэг.

Төрийн хэлбэрийн тухай

132. Хүмүүс нийгмийн харилцаанд шилжснээс эхлэн тэдний олонх нь улс төрийн эрх мэдлийг тээж,

энэхүү эрх мэдлээ бүх цаг үеийн туршид нийгэмд хэрэгцээтэй хууль цааз боловсруулан гаргах,

хэрэгжүүлэх албан тушаалтныг томилох зэрэгт ашигласаар иржээ: Эдгээр тохиолдолд, засаглалын хэлбэр

төгс ардчилал (perfect Democracy; Совершенную демкратию) байсан юм: Хэрэв хууль тогтоох эрх мэдэл

цөөн тооны сонгогдсон хүмүүсийн, юм уу тэдний залгамжлагч, дагалдагчдын гарт шилжвэл олигархи

үүснэ: Хэрэв ганц хүний гарт орвол эзэн хааны засаг тогтоно: Гэхдээ эзэн хааны засаг нь үр хойчид эрх

мэдэл өвлөгдөх угсаа залгамжилсан (Hereditary Monarchy; Наследственная монархия), насан туршид нь

сонгоод залгамжлагчийг олонхийн саналаар томилох сонгуульт (Elective Monarchy; Выборная монархия)

гэсэн хоёр төрөлтэй. Зохистой гэж үзвэл нийгмийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан холимог, юм уу илүү

сайн хэлбэрийг ч бас сонгон авч болдог. Хэрэв хууль тогтоох эрх мэдэл олонхиос цөөн тооны хүмүүс, юм

уу ганц хүний гарт, эсвэл цөөн тооны хүмүүс, юм уу ганц хүнээс олонхид шилжвэл засаглалын хэлбэр

дагаад өөрчлөгддөг байна. Учир нь, засаглалын хэлбэр хууль тогтоох эрх бүхий дээд мэдэл хэний гарт

байгаагаас шууд хамаардаг: Үүнээс үзвэл, хууль тогтоох эрх мэдэл хэний гарт байгаагаас хамаарч төрийн

хэлбэр бүхэлдээ тодорхойлогддог байна.

133. Төр гэдэг нь ардчилал гэх мэт засаглалын тодорхой хэлбэрийг бус, Латинаар «civitas» хэмээн

нэрлэгдсэн бие даасан нийгэмлэг (any independent community)-ийг хэлдэг: Манай улсын хэлэнд

«commonwealth» гэх үгтэй утга дүйх бөгөөд энэ үг нь хүмүүсийн нэгдлийг илэрхийлсэн ойлголт юм. Төрд

олон тооны хүй элгэнүүд захирагдах учир «хүй элгэн» (community), «хот суурин» (city) гэх үгийг дүйцэх

утгаар хэрэглэж болдоггүй. «Хот суурин» гэх үг бидний хувьд «төр»-өөс огт өөр утгатай билээ. (…) (Джон

Локк, 2000, хууд. 154).

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

American History. (2016, September 25). Retrieved from A Biography of John Locke (1632-1704):

http://www.let.rug.nl/usa/biographies/john-locke/

Hirschmann, N. J. (2009). Gender, Class, and Freedom in Modern Political Theory. Princeton: Princeton

University Press.

John Locke. (1698). Two Treatises of Government; In the Former, The False Principles, and Foundation of Sir

Robert Filmer, and his Followers, are detected and overthrown. The Latter is an Essay concerning The

True Original, Extent, and End of Civil-Government. London: the Black Swan in Pater-Noster-Row.

Retrieved September 9, 2016, from

http://books.googleusercontent.com/books/content?req=AKW5QadN9SUsJNiRw1sn8p6_9b2HHDe1g

WfTf2RgivC2DQh_zN06ie4SdvTzGihPfWUyvrw4Etez875L-XsX_wMlGa3z5nwknSOfbC-

cmWrC6YxD1Sc6v0yt_o0DHDjX4hu0C4pPXgMmgPSGoEs3g5UBlYADfj2xxNz0_fo95EEy6FzsM4

BgZg2k4Ioqp1jHs6hgoCXPrb

Urmila Sharma , & S. K. Sharma. (2006). Western Political Thought. Washington: Atlantic Publishers.

W. Julian Korab-Karpowicz . (2010). A History of Political Philosophy: From Thucydides to Locke. New York:

Global Scholarly Publications.

Wikipedia. (2016, September 20). Retrieved from John Locke: https://en.wikipedia.org/wiki/John_Locke

Джон Локк. (2000). Два трактата о правлении. In М. А. Василик, & М. С. Вершинин (Eds.), Политология:

Хрестоматия. Москва: Изд-во Гардарики.

Локк, Д. (2014). Два трактата о правлении. (Е. С. Лагутина, & Ю. В. Семенова, Trans.) Москва;

Челябинск: Изд-во Социум.

М. А. Василик, & М. С. Вершинин (Eds.). (2000). Политология: Хрестоматия. Москва: Изд-во

"Гардарики".

Нарский, И. С. (1973). Западноевропейская философия XVIII века; Учебное пособие. Москва: Изд-во

"Высшая школа".

i Энэ тал дээр өнөө хэр эрдэмтдийн дунд нэгдсэн үзэл бодол алга. Зарим судлаач, тухайлбал, И. С. Нарский Локк материалист гүн

ухаантан байсан гэж үздэг. Мөхөс судлаачийн хувьд эсрэг байр суурь баримталж, идеалист гүн ухаантан гэж үзсэн болно. Үүний

нэг шалтгаан нь гадаад ертөнц бүхэлдээ хүртэхүйгээс хамаарах бөгөөд хүртэхүйгээс ангид гадаад ертөнц байх боломжгүй хэмээн

үзсэнд оршино. Мөн материаллаг зүйлээс гадна оюун санааны талаас гадны юм, үзэгдлийг бий болгоход оролцсон байхыг

үгүйсгээгүй байдаг.

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН

ОТГОНБАЯР